demberels@parliament.mn   51 261503

“Төсвөөс саадаг бүтцээ цомхотго”

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2135

-Хэмнэлтийг үндэсний хэмжээнд явуулна гэж ярьдаг ч өрх гэр, компаниуд нь бүсээ чангалж байхад төр өөрөө яагаад хэмнэлт хийдэггүй юм бэ.Төрөөс бусдад нь хямралын мэдрэмж маш өндөр байхад төр яагаад ийм мэдрэмжгүй юм бэ-

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлттэй та танилцсан байх. Монгол Улс ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдах нь зөв үү. Та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар болсон гэдгийг өнгөрсөн Ням гаригт болсон хэвлэлийн хурлаас мэдлээ. ОУВС-гийнхан Монгол Улсын төлбөрийн балансыг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулахаар хөтөлбөр хэрэгжих хугацаанд 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт үзүүлэхээр яригдаж байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдлыг бууруулахад чиглэгдэж буй нь ойлгомжтой. Нэгд, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдал хоёр гэнэт бий болчихсон асуудал биш л дээ. Улс төр, эдийн засаг талаас нь харьцуулж үзэхэд 2000 оны сонгуулиас хойш сонгуулийн жил юм уу, түүний өмнөх жилийн төсвийг өндөр алдагдалтай баталж ирснээс үүдэлтэй юм. Тэр дундаа сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал улам нэмэгдсэн. Миний тоймлож харснаар, жижиг мажоритарын үед тойрогтоо төсөв батлах, нийтийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо зарцуулах сонирхол хэт их туйлширсантай холбоотой гэж бодож байна. 2009 онд энэ байдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулах гэж оролдсон. Ингэхдээ олон улсын туршлага, Дэлхийн банкны тусламжтайгаар Төсвийн тогтвортой хуулийг УИХ баталсан. Гэвч тодорхой хэдэн зүйлийг орхигдуулсан. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулахыг хуульчлах ёстой байсан. Энэ зөвлөл нь иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн хараат бус байх хэрэгтэй л дээ. Би хоёр сарын өмнө УИХ-аар Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр батлуулах үед тодорхой байр суурь илэрхийлж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах, төсвийн тодотголоо жилд нэг удаа хийхийг эрх баригчдад сануулж байсан. Өнөөгийн энэ санхүүгийн хямралыг нийтээрээ улстөрчдийн хариуцлагагүй байдалтай холбож ярьж байна. Гэхдээ эрх зүйн дутагдал бий. Энэ дутагдлыг аль нам нь засгийн эрх барьж байгаагаас үл хамааран арилгах, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг маш чадварлаг, мэргэжлийн багаар бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс оруулж ирж байгаа асуудал нь УИХ-аар хэлэлцэгдэхдээ эвдэрдэггүй, оруулж ирснээр нь баталдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс оруулж ирсэн төсөв, төсвийн тодотгол УИХ-д орж ирээд өөрчлөгдөхгүйгээр батлагдаж байх хэрэгтэй.

Хоёрт, Өрийн удирдлагын тухай хуулийг 2014 онд баталсан. Бусад улсад хэрэгждэг тэр л жишгээр баталсан хууль. Хуулийг батлахдаа өрийн удирдлагыг институци талаасаа дутуу хийсэн юм уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өрийн дарамтын үзүүлэлтийг УИХ-ын түвшинд улирал бүр ярьдаг механизм дутуу байна. Гуравт, бүтцийн өөрчлөлт. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр бүтцийн өөрчлөлт явахгүй юм байна гэж ойлгогдсон. Өмнө нь 2009 онд ч бүтцийн өөрчлөлт, эдийн засгаа салаалуулах талаар ярьж байсан. Харамсалтай нь, өнөөдөр өөрчлөгдсөн юм алга л байна. Монголын эдийн засаг урьдын адил зэс, нүүрс, төмөр гэсэн хэдхэн барааны үнийн өсөлтийг хүлээсэн хэвээр. Нөгөө талаар энэ хүлээлт өөрөө эдийн засгийн бодлогод хортой, хүлээх сэтгэхүй бий болгочихож байгаа юм.

Ирэх дөрвөн жилд Монгол Улсын 820 мянган өрхийн амьдрал сайжрах уу, 120 мянган компани дээшлэх үү гэдгийг л аль ч нам гарсан бодлого болгох хэрэгтэй. Зэс, төмөр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр навс унасан ч худалдан авалт нь зогсохгүй, дотоод эргэлтийн хүчээр Монголын эдийн засаг нэмэх тэмдэгтэй гардаг болбол хамгийн сайн

Дэлхийн зах зээл дээр уул уурхайн эдийн засаг муудаад цочролд ороход түүнийг орлуулдаг эдийн засгийг Монголын Засгийн газар ч, ОУВС ч бодохгүй байна. Тиймээс ОУВС, Засгийн газар Монголын эдийн засгийг авч явдаг дундаж давхарга нийт хүн амын хэдэн хувийг эзэлдэг вэ гэдгийг маш зөв тодорхойлох хэрэгтэй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засгийн өсөлт сайжирч, өрөө удирдах процесс нь сайн үр дүн өгнө. Гэхдээ энэ дөрвөн жилд өрхийн орлого өсөх үү, Монголын компаниуд томрох уу, тэр нэмж байгаа долоон төрлийн татвар хэний нуруун дээр очиж байна вэ гэдгийг бодолцох ёстой.

-Хамгийн хүнд цохилтыг дундаж давхаргынхан амсана гэж яриад байгаа. Гэтэл улс орнууд дундаж давхаргынхнаа дэмжих хэлбэрээр эдийн засгаа дэмжих нь байдаг шүү дээ?

-Арай гэж хичээж бий болгосон аж ахуй нэгж, өрхүүдээ хүнд байдалд оруулж магадгүй харагдаад байна. Цахиур төмөр маягийн татвар буюу баячуудаас нь аваад ядуучуудад нь түгээх маягаар хэрэгжүүлэх татварын дарамттай бодлого эцсийн үр дүнд дээшээ ч үгүй, доошоо ч үгүй бүгд гацаанд орчих вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Жишээлбэл, нийслэлд явж байгаа автомашины 70 хувиас дээш хувийг 10-аас дээш насжилттай машин эзэлдэг. Үлдсэн хувийг нь өндөр өртөгтэй, том машин эзэлж байна. Тэгвэл хэнээс татвар авах гэж байна вэ. Энэ мөнгийг авахад төсөвт хэдэн төгрөг цугларах вэ гэдгийг бодох ёстой юм. Үндэсний хэмжээнд хэмнэлт явуулна гэж ярьдаг ч өрх гэр, компаниуд нь хэмнээд байхад төр өөрөө яагаад хэмнэлт хийдэггүй юм бэ.Төрөөс бусдад нь хямралын мэдрэмж маш өндөр байхад яагаад төр ийм мэдрэмжгүй юм бэ. Төр хэмнэлтийн бодлогод шилжихийн тулд Агентлагийн бодлогын тухай хуулиа хүчингүй болгох боломжтой. Гэтэл үүнийг төр ч хийхгүй, ОУВС хийхгүй.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, төсөвт тодотгол хийнэ гэж Сангийн сайд хэлсэн. Төсвийн тодотголоор төр бүтцээ танаж, зардлаа бууруулж чадах болов уу?

-УИХ-ын сонгуулийн дараа том бүтцэд хүмүүсээ томилчихсон. Сонгуульд ажилласан бүх хүндээ албан тушаал амлачихсан. Үүнийг дагаад үр дүнгүй зөвхөн төсвөөс саадаг маш олон Засгийн газрын бүтцийн байгууллага байна. Монголын дундаж анги хэдэн хувьтай вэ, хэр их баялагтай, ядуучууд нь яг хэдэн хувь байдаг, өнгөрсөн дөрвөн жил олон зам барьсан ч өрхийн орлого нь яагаад нэмэгдээгүй зэрэг асуудлыг ОУВС мэдэхгүй. Өрхийн орлого нэмэгдэхгүй байгаа үзүүлэлт сүүлийн есөн сарын судалгаагаар гарч байгаа. Эдийн засгийн нийт эрэлт нэмэгдэж байж нийлүүлэлт талын үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэх ёстой. Нийгмийн ийм форум дээр ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих гэж байгаа юм. Монгол шиг төлбөрийн тэнцэл, өрийн удирдлагаа алдсан улсад ОУВС-ийн хөтөлбөр хэрэгтэй. Энэ бол макро эдийн засгаа хөгжүүлэх боломж гэж харж байна. Эцсийн эцэст гол шалтгаан нь бидний бодлогын сэтгэлгээнд л байгаа юм.

-Төр өөрөө хэмнэлт хийхгүй байж улсын иргэддээ гол ачааллаа үүрүүлэх нь гэсэн шүүмжлэл байна?

-Энэ нийгмийг чирч явдаг хэсэг нь хэд байна вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай Тиймээс энэ чиглэлийн судалгааг маш тодорхой болгох хэрэгтэй. Түүнээс гадна, нийгмийн тодорхой хэсэг болох малчид энэ хэсэгт орлогын хуваарилалтыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг мөн тодорхойлох шаардлага бий болж байна. Ингэж байж Монгол Улсын иргэдийн хэчнээн нь ядуу, дундаж, баян нь бэ гэдгээ зөв тодорхойлох юм. Бид нийгмээ чирч явдаг дундаж ангийг ирэх дөрвөн жил дэмжихгүйгээр ямар ч эдийн засгийн өсөлт бий болж чадахгүй. Макро эдийн засагт эерэг үзүүлэлт гарч болох ч нийгмээ чирч яваа дундаж давхаргаа нэмэх, тэдний худалдан авах чадварыг нэмэгдүүлэхгүй бол Монгол хол явахгүй. Монголын нийгэмд бий болж байгаа нийгэм, эдийн засгийн давхраажилт үүсэх процессыг маш сайн харж, эдийн засагт хэрэглэх, нэгдсэн бодлого явуулах шаардлага гарч байгаа юм. Валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр мониторинг буюу улирал бүр уулзаж, судалгаа, тоо ярихтай зэрэгцэн сошиал медиагаар дамжуулж хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээнд маш олон бодит мэдээлэгч нар байдаг. Энэ талаас нь зарим зүйлийг хийх шаардлагатай юм уу гэж харагдаж байсан.

-ОУВС-гийн тавьсан нөхцөл, шаардлага хэтэрхий хатуу байв уу?

-Бид эхлээд засаглалын фоноо маш сайн харах хэрэгтэй. Тухайлбал, Авлигын төсөөллөөр авлига буурахгүй, хуулийн засаглал, засаглалын үр ашиг талаас нь харвал Монгол Улс сайн засаглалтай орны тоонд орохгүй. Засаглал нь ийм замбараагүй нөхцөлд та хүртэх ёстойгоо л хүртэж. ОУВС-гийн хөтөлбөрийг хатуу гэж гоншигонох хэрэггүй. Тиймээс Монгол шиг ийм улс Үндсэн хуульдаа Төсвөө алдагдалгүй батална гээд заагаад өгчихвөл илүү амар юм уу гэж боддог. Ийм засаглалын хямралтай үед ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байхгүй. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар сахилга бат буюу нөөц дээр суурилдаг баялгийн сэтгэлгээг эвдэж чадахгүй ч гэсэн нөлөөлнө. Мөн өрөө удирдаж сурна, макро эдийн засгаа төсөөлж, төлөвлөж сурна. Түүнээс гадна айлаас эрэхээр авдраа ух гэдэг шиг уул уурхайн бус эдийн засгаа сэргээхэд тод томруун харах талаасаа боломжтой гэж харж байгаа. 1990 оноос хойш ОУВС Монголтой хамтарч ажиллаж ирсэн. Гэхдээ энэ үүсээд байгаа асуудлууд руу гүнзгийрч орж байгаагүй юм. Жишээлбэл, ОУВС экспортоо өргөжүүл гэж хэлдэг ч яаж өргөжүүлэхийг хэлдэггүй. Монголд зээлийн хүүгийн түвшнээр дэлхийн эхний 20-д ордог ч албан бус сектор нь 200 мянга байгаа эдийн засаг бол баатарлаг үйлс. Энэ орчныг өөрчлөх үү, банкуудад бүтцийн өөрчлөлт хийх үү гэдгийг тодорхойлоогүй. Угтаа бол Монгол Улсад зээлийн хүү яагаад ийм өндөр, бүх институциудын зээлийн хүү мөнгө хүүлэлтийн чанартай байна уу гэдгийг тодорхойлох ёстой. АНУ-ын муж бүрт мөнгө хүүлэлтийн эсрэг хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Гурван жилийн дараах эдийн засгийн үр дүнг ОУВС харж байгаа юу, гурван жилийн дараа Монгол Улсын өрхийн худалдан авалт нэмэгдэх үү гэдгийг тодорхой болгох ёстой. Монгол Улс яагаад хөгждөггүй вэ гэхээр хүртээмжтэй санхүүжилтийн орчин байдаггүйтэй холбоотой. Хоёр хүн бүрийн нэг нь зээлтэй, тэр зээл нь өндөр хувийн хүүтэй байдаг. Сая Засгийн газар тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар буурууллаа. Энэ ард түмэнд ямар их таалагдсан, хэрэгтэй шийдвэр байв. Тэгэхээр тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийг ОУВС болон Монгол Улсын Засгийн газар бий болгохын төлөө зорьж байна гэж хэлсэн байсан. Миний хувьд ОУВС гүнзгийрч ороосой гэж үздэг. Тиймээс ч мониторингийнхоо судалгаанд сошиал медиаг судалгаа, үр дүнтэйгээ хамт хийх хэрэгтэй гэдгийг би онцлон хэлмээр байгаа юм.

-Төсвийн тодотгол хийснээр алдагдал буурах уу?

-ОУВС-ийн тавьсан шалгуурын дагуу алдагдлаа бууруулах л зүйл. Тодотгол хийх шаардлага, боломж ч байгаа. 2017 оны төсөв батлах үед төсөвт дахин тодотгол хийхээс өөр аргагүй юм байна гэж харж байсан. Харин азаар Эдийн засгийн ил тод байдал, НӨАТ-ын урамшууллын систем зэргээс шалтгаалан орлого бага зэрэг нэмэгдсэн байсан. Татвар нэмснээр бас нэг сөрөг үзэгдэл гарч болзошгүй. Тэр нь бүх хүн орлогоо нууж эхэлдэг. Уг нь бүх хүний орлогыг нэмэх, компаниа томсгох, өрхийн орлого нэмэх нь хамгийн сайн төсвийн бодлого байх ёстой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хадгаламжийн хүүгээс татвар авахаар болж байна. Энэ нь нөгөө хүмүүсийг хадгаламжаа багасгах, хуваах нөхцөл рүү оруулж болох юм. Энэ хэцүү үед татваруудыг нэмэх нь тийм сайн гарц гэж би харахгүй байна. Төр дөрвөн жилийн дараа багасах уу, Монголын төр ийм сайхан том бүтэц юм байна, ирэх дөрвөн жил болж байна гэж хэлсэн юм болов уу гэж би бодож байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хичээлээ муу хийдэг хүүхдийг хажуу талаас нь ингэж бич гэж зааж байгаатай адил дөрвөн жил явах байхдаа.

-МАН-ын Засгийн газарт ямар үнэлгээ өгөх вэ. Өнгөрсөн найман сарын хугацаанд хэр ажилласан гэж та бодож байна?

-Монголчууд нэг л эдийн засагтай. Ний нуугүй хэлэхэд Монголын эдийн засаг муудсан. Өнгөрсөн дөрвөн жил зам их барьсан нь сайн. Гэхдээ Өрийн удирдлагын тухай хуулиа сайн удирдаж чадсангүй. Гэхдээ ирэх дөрвөн жилд Монгол Улсын 820 мянган өрхийн амьдрал сайжрах уу, 120 мянган компани дээшлэх үү гэдгийг л аль ч нам гарсан бодлого болгох хэрэгтэй. Зэс, төмөр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр навс унасан ч худалдан авалт нь зогсохгүй, дотоод эргэлтийн хүчээр Монголын эдийн засаг нэмэх тэмдэгтэй гардаг болбол хамгийн сайн. Түүнээс биш дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад Монголын эдийн засаг дагаж унадаг байх ёсгүй. Засгийн газар юм хийгээд л байх шиг байна. Ямар ч гэсэн замбараагүй төсвөө нэгтгэсэн, хаа хамаагүй мөнгө үрдэг байсан Хөгжлийн банкаа бие даасан хуультай болгосон, Төв банкныхаа бие даасан байдлыг хангахын тулд хууль батлах гэж байна. Энэ мэт ажлаа хийж байна л гэж бодож байна. Гэхдээ нэг зүйлийг огт хөндөхгүй байгаа нь өнгөрсөн Засгийн газрын үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оруулж ирээд УИХ буцаасан бизнесийн орчин, бизнес хийхэд хүнд сурталгүй байх реформ хийгдэхгүй байна. Яг үүнтэй холбоотой Мэргэжлийн хяналтын тухай, Хөдөлмөрийн тухай зэрэг хуулиудыг оруулж ирэх нь хэрэгтэй. Бид маш олон юм ярьдаг ч нэг л зүйлийг дандаа мартдаг. Төр байдаг гэхдээ зах зээлийг хэзээ ч дутуу үнэлэх, дутуу ойлгох,үл хүндэтгэх явдал байж болохгүй. Бидний олон жилийн алдааны гол эх сурвалж нь зах зээлийг ойлгодоггүй, хүндэлдэггүй. Зүгээр нэг хэдэн компани, хэдэн хүмүүс гэж харахаас илүү тэдний үгийг сонсдог, ойлгодог байх хэрэгтэй.

-Намрын чуулганаар Аж ахуй нэгжийн орлогын татварыг 90 хувь хөнгөлөх хуулийг баталсан. Гэтэл эсрэгээрээ ОУВС татвараа нэм гэсэн. Аж ахуй нэгжүүдэд чиглэсэн нүдээ олсон шийдвэр болж чадсан уу?

-Татварын системийн өөрчлөлт бүр хариу урвалтай байдаг. Энэ урвалууд манайд байсаар ирсэн. Хүмүүс албан бус сектор татвар төлөхгүй хүмүүсийн авир төрхийг өөрчилсөн буюу ямар нэг үйлчилгээ явуулж л байгаа бол татвар төлөх систем нь Монголд илүү тохиромжтой юм шиг. Энэ системийг хэрэгжүүлэхэд 2008 оноос хэрэгжсэн нэгдмэл татварын систем, шударга ёсыг татварын тогтолцоогоор ялгаварладаг байдал хэрэгжиж ирсэн. Миний бодлоор Монгол Улсад нэгдмэл татварын системээ хадгалаад албан бус секторыг зөөлөн хүчээр оруулах бодлого хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна. Нөгөө талаас төр ба татвар төлөгч хоорондын харилцааг Татварын ерөнхий хуулиар зохицуулсан. Төр оршихуй дор татвар төлөгч оршвой гэдэг шиг татвар төлөгч буй дор төр оршмой гэх тэгш харилцаа бий болгох. Уг нь олон талын экспертүүд маш их цаг хугацаа зарцуулж боловсруулсан бэлэн болсон хууль бий. Энэ хуулийг батлаад энэ дөрвөн жилд татварын харилцааг эрүүлжүүлж, төрийн үйлчилгээг багасгах шаардлагатай. Энгийнээр хэлбэл, бизнес эрхлэгчдийн, иргэдийнхээ хийморийг дээшлүүлэх хэрэгтэй байна, төр. Ганданд лав хийморийн сан тавиулах биш, үйл ажиллагааг нь хөнгөвчлөх, санхүүгийн сайн орчин бүрдүүлэх замаар хийморийг нь сэргээх хэрэгтэй байна.

-Тэтгэврийн насыг уртасгах нь хэр зохимжтой шийдвэр вэ?

-Би 10 гаруй жилийн өмнө МҮХАҮТ-ийн дарга байхдаа Голландын ахмад мэргэжилтнүүдийн туршлагаар тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажил, хөдөлмөр эрхлэх нь нийгэмд хэрэгтэй гэдгийг нь мэдрүүлэх зөв бодлого юм байна гэж харж байсан. Өнөөдрийн тэтгэврийн тогтолцоо эв нэгдлийн зарчмаар явдаг. Эв нэгдлийн зарчим явж л байгаа бол төл гэдэг зарчим юм. Миний өнөөдөр төлж байгаа татварын мөнгө өөр нэг тэтгэвэртээ гарч байгаа хүний тэтгэвэр болж очдог. 2009 онд дундаж наслалт 66 байхад нийт 13 аймгийн дундаж 66-гаас доогуур байсан, 2015 оны байдлаар дундаж наслалт 69 болсон ч найман аймагт 69-өөс доогуур байсан. Бидний дундаж наслалт нэмэгдэж байгаа ч тэтгэврийн насыг нь уртасгах шалтгаан гэсэн үг биш юм. Мөдхөн тэтгэврийн бөөн үе бий болчих тооцоолол байна. Тэгэхээр тэтгэврийн насжилтын асуудал дээр эргэж харах асуудал бий болох байх.

-Улстөрчид өөрийнхөө тойрогт ахиу мөнгө хуваарилах гэж төсөв рүү “дайрдаг”. Энэ байдал хумигдах болов уу?

-Гал гарч байна гэж орилох амархан, галыг ямар багаж хэрэгслээр цаг хугацаанд нь унтрааж байна уу гэдэг өөр асуудал. Асуудлыг шийдвэрлэх механизм нь ямар байх, төр нь яаж оролцох, зах зээл нь яаж оролцох гэдэг талаас нь бодсон бодлого хэрэгтэй. Энэ бол бүх бодлого дээр байх ёстой.

-Эдийн засагч хүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг төрд буцааж авсан шийдвэрийг зөв гэж бодож байна уу?

-“Эрдэнэт” үйлдвэр өөрөө цэвэр цэмцгэр, гоё үйлдвэр байгаагүй. Шахааны бизнес, гэрээ контракт гээд маш их асуудал бий. Энэ хувьчлал зөв буруу гэдгийг шүүх шийдвэрлэхийг л харах ёстой. Түүнээс гадна цаашид Монгол Улс нэг том зүйлийг шийдэх ёстой. Ялангуяа уул уурхайн нөөцтэй эдийн засгийн орон засаглалт муутай ийм үед уул уурхайн сектор дахь засаглал ямар байх ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бид төрийн өмч давамгайлаад байгаа цагт уул уурхай дээр суурилсан эдийн засагтай улс оронд эдийн засгийн хөгжил нь хүртээмжтэй байж чадах уу гэдэг асуулт гарч байгаа юм. Энэ улсад үнэхээр юм хийе гэж бодож байгаа бол төр уул уурхайн том төслүүдээсээ оролцоогоо багасгах хэрэгтэй. Шаардлагатай бол төр хориг тавьдаг алтан хувьцаа эзэмшиж, ерөнхий гэрээлэгчийн үүрэг гүйцэтгэх нь зүйтэй. Төр авах юмаа аваад хийж чаддаг компаниар ажлыг нь хийлгэх энэ засаглал Монголд таарна. Тиймээс хамгийн сүүлд батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод Төрийн өмчит компаниуд ерөнхий гэрээлэгчийн зарчмаар ажиллана гэсэн заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлээд төр авах ёстой татваруудаа л авах хэрэгтэй байгаа юм. Гэтэл төр оролцоод, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, тэгээд алдагдалтай ажилласаар ирсэн. Ер нь бол төр аль болох бага өмчтэй байвал менежмент нь сайн явна. 2020 он гэхэд АН уул уурайн салбарын төрийн оролцооноос татгалзаж чадвал маш чухал зүйл болно.

-Магадгүй энэ төслүүдээ хөдөлгөсөн бол бид “хатуу” шаардлагатай хөтөлбөр хүлээж авахгүй байсан уу?

-Томоохон ордуудад төрийн оролцоо их байгаа учраас эдийн засаг ийм байдал хүрээд байгаа юм. Хөгжлийн банкийг гэхэд хогийн сав шиг байлгаж байгаад дараа нь хэдэн залууг шоронд хийгээд л дуусч байна. Энэ мэт зүйлийг 2014 онд засах боломж байсан ч засаагүй.

-Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт биш зорилтот бүлэгтээ олгох шийдвэрийг та юу гэж харж байна?

-Хүүхдийн мөнгө олгох асуудлыг бууруулсан нь зөв шийдвэр. Хүүхдийн мөнгийг хүмүүс хөрөнгө оруулалт гэж ярьдаг, гэхдээ би хэзээ ч хөрөнгө оруулалт гэж боддоггүй. Өмнө нь 20 мянган төгрөгийг хүн бүр авч байсан нь буруу. Зөвхөн зорилтот бүлэгт нь чиглүүлж өгөх нь зөв.

Ш.ОЮУНЧИМЭГ

 

Буу халах уу?
wUmrLVWz - 1 жилийн өмнө
Зочин - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg8583<s1﹥s2ʺs3ʹhjl8583
wUmrLVWz - 1 жилийн өмнө
bfg5485<s1﹥s2ʺs3ʹhjl5485
bfg6038<s1﹥s2ʺs3ʹhjl6038 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559901752
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559531655
wUmrLVWz - 1 жилийн өмнө
5559119865
wUmrLVWz9575451 - 1 жилийн өмнө
555
wUmrLVWz - 1 жилийн өмнө
555-->